Wednesday, September 7, 2011

“Ардын Элч” хойд хилийг зорилоо

“Ардын Элч” явуулын номын сан Монгол улсын хойд хилийг хамгаалж байгаа хилчин дайчдад үйлчилгээгээ хүргээд ирлээ. Энэ удаа бид Сэлэнгэ аймгийн төвд байрлах хилийн 0243, 0101-р анги болон 0243-р ангийн Номтын заставт очиж үйлчилсэн бөгөөд нүүдлийн номын сангийн үйлчилгээг хилчин дайчид баяртайгаар хүлээн авсан юм
Тэд цэргийн ангийн номын сангуудад сүүлийн жилүүдэд номын баяжилт хийгдээгүйгээс ном, соёлын үйлчилгээг хүргэх явдал дутмаг байгаа энэ үед явуулын номын сангийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь тун чухал ажил болж байна хэмээн ярьж байлаа. Явуулын номын сангийн үйл ажиллагааны хүрээнд анги тус бүрт 150 орчим номыг хүргэсэн бөгөөд тэд номуудыг заставуудад ажиллаж байгаа хилчдэд хүргэх ажлыг цаашид зохион байгуулахаар боллоо.
 Мөн тус хоёр цэргийн ангийн номын сантай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Номын санчид хилчдийн дунд номын хэрэгцээ тун их байдаг талаар ярьж, сүүлийн үеийн уран зохиолын болон гадаад хэлний ном хүлээн авах хүсэлтэй байгаагаа хэлж байв.

Tuesday, May 31, 2011

Өглөг өглөгийн дээд номоор бэлэг барив

Явуулын номын сангийн хамт олон бид МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй хамтран эх үрсийн баярыг тохиолдуулан сургууль завсардсан хүүхдүүдийг баярлуулсан юм. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн албан бус боловсролын “Гэгээрэл” төв дээр ажиллаж, нүүдлийн номын сангийн бас нэгэн зорилтот хэрэглэгч болох  сургууль завсардсан хүүхдүүдтэй хамтдаа нэгэн өдрийг дуу хуур, баяр хөөрөн дунд өнгөрүүлсэн билээ.  
Баянзүрх дүүргийн албан бус боловсролын төвд 280 хүүхэд суралцдаг бөгөөд
нийслэлийн хэмжээнд хамгийн олон сургууль завсардсан хүүхэдтэй дүүрэг аж. Тус дүүргийн албан бус боловсролын төв өөрийн гэсэн байр савгүйгээс газар газар сургалтаа зохион байгуулдаг гэнэ. Энд 5-25 хүртэлх насныхан суралцдагаас 20-с дээш насныхан бичиг үсэг үл мэдэгчдийн сургалтад хамрагддаг байна. Бидний үйл ажиллагаа 97-р сургуулийн спорт зааланд эхэлж, Гэгээрэл төвд суралцдаг бага насны хүүхдүүд оролцов. Үндэсний телевизээр гарна хэмээн хөөрч догдолсон багачууд өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо сонирхуулж, хүүхдийн цовоо цолгин хоолойгоор дуулж, жүжиглэсэн нь үйл ажиллагааны маань шигтгээ болж байв.

Wednesday, April 20, 2011

Ардын элч Багануурын хориход

Бид амласан ёсоороо Багануур дүүргийн Хорих 427-р ангид ажиллаад ирлээ. Явуулын номын сангийнхаа үйлчилгээг алдаж гэнэдэгсдэд туслах Шайдевег нийгэмлэг, Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ын уран бүтээлчид, яруу найрагч Н.Гантулга, “Эх орны номын сан”  нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Жаргалсайхан нартай хамтран хүргэсэн юм. 
Дүүргээсээ 20-иод км-ын зайтай тус хорих анги чанга дэглэмтэйгээрээ онцлог. Биднийг очиход  хорих ангийн нийгмийн ажилтан бүсгүй угтан авч, удирдлагуудтайгаа уулзуулан, ерөнхий мэдээлэл өгөв.  
Хөтөлбөрөө тохиролцоод, камер луу ороход хоригдлууд олон нийтийн ажилд зориулсан танхимдаа зэрэгцэн сууцгааж байв. 
Гадаах хүйтэн салхи, доторх зэврүүн уур амьсгалыг үргээж, “Улаанбаатар чуулга”-ын дуучин СТА Анхтуяа, морин хуурч Чулуунбат нар уртын  дуугаа дээжилснээр үйл ажиллагаа эхэлсэн.  

Tuesday, April 12, 2011

Арвидахын бэлгэт аян

МҮНС-ийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд эхэлсэн “Номын хандив” аянд хэвлэлийн газрууд, уран бүтээлчид, хувь хүмүүс  оролцож 5500 орчим ном, хэвлэмэл бүтээлийн хандив өргөж, монгол түмнийг соён гэгээрүүлэх их үйлст үнэтэй хувь нэмэр оруулсанд бид бүхэн туйлын их баяртай байна.  
Зохиолч Д.Оюунчимэг, Д.Батжаргал нар нээлтээс урьтаж уран бүтээлийнхээ дээжээс хандивлан,  аяны дөрөөг мялаасан нь ихэд бэлгэшээлтэй хэрэг байв.
 Аяны ерөнхий ивээн тэтгэгч “Мөнхийн үсэг” группын “Болор судар” хэвлэлийн газар 2000, “Соёмбо принтинг” 1084, МЗЭ 555, МҮОНРТ-ын уран бүтээлчид 500, “Сэлэнгэ пресс” 290,  “Сод пресс” 271 ном тус тус хандивлаж аяныг тэргүүлэв.
Мөн  “Аз хур”, “Непко паблишинг”, “Эмпати ертөнц”, “Бит пресс”, “Жеком пресс” зэрэг хэвлэлийн газрууд, “Глоб интернэшнл”,  “Малчдын сан” тэргүүтэй төрийн бус байгууллага, уран бүтээлчид, хувь хүмүүс энэ аянг дэмжиж ном, гарын авлага, бусад хэвлэмэл бүтээл хандивласан юм.
Аяны нээлтэд АУЗ Т.Галсан, Ш.Сүрэнжав, Дэлхийн Урлаг соёлын академийн утга зохиолын доктор, яруу найрагч Д.Урианхай, Болор цомын эзэн найрагч Ц.Бавуудорж, Г.Мөнхцэцэг,  Нацагдоржийн шагналт зохиолч Дан.Нямаа, Б.Баярсайхан, болон залуу уран бүтээлчид оролцож, санал сэтгэгдлээ хуваалцан, зохиол бүтээлээ дээжлэв.  АУЗ Т.Галсан өөрийн болоод үзэг нэгт нөхдийнхөө 5 бум, 5 түм, 5 мянга, 555 төгрөгний ном хандивлаж буйгаа дуулгав. Нээлтэд ирж амжаагүй ч ном хандивлахаа уламжилсан байгууллага, уран бүтээлчдийн цуваа тасрахгүй байна. “Ардын элч” явуулын номын сангийн байнгын хандивлагчаар Мөнхийн үсэг групп, АНУ-ын Азийн сан, Малчдын сан ажиллахаа мэдэгдээд байна.

Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай!

Tuesday, April 5, 2011

“Номын хандив” аян

Явуулын номын сангийн үйлчилгээний эрэлт ихэсч, маш олон газраас санал ирсээр байна. “Болор судар” хэвлэлийн газрын эрхлэгч Д.Пүрэвдорж хэвлэлийн газруудын уриалан хандивын аян зохион байгуулъя гэсэн нь ч манай сонирхолтой нийцэж Монголын Үндэсний номын сан тус хэвлэлийн газартай хамтран номын хандивын аяныг эхлүүллээ.
Аяны зорилго:
“Ардын элч” явуулын номын санг ном, сонин, сэтгүүл, цахим бүтээлээр хангах, Үндэсний номын сангийн сан хөмрөгийг орчин үеийн, эрэлт хэрэгцээтэй номуудаар баяжуулах

Явуулын номын сан эмэгтэйчүүдийн хорих ангид

 Явуулын номын сангийн дараагийн өртөө Эмэгтэйчүүдийн хорих 407-р анги байлаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МҮОНТ, МЗЭ, хэвлэлийн газрууд, уран бүтээлчидтэй хамтарч номын сангийнхаа үйлчилгээг хүргэсэн минь энэ.  Бид энэхүү арга хэмжээг яруу найрагч Б.Баясгалангийн санаачилж, өрнүүлсэн тус хорих ангид ном хандивлах аянтай дашлуулж өдөрлөг хэлбэрээр зохиосон.
03 сарын 07-ны өдөр явуулын номын сангийн төслийн багийнхан зохиолч, сэтгүүлчдийн хамт эмэгтэйчүүдийн хорих ангийг зорьсон. Ирж яваа цаг болохоор хотын зах руу хүлгийн жолоо залах нэн таатай.
Хорих газрын удирдлагуудтай гэрээ хийлээ
Бид үдийн хэрд зорьсон газраа хүрч, хорих газрын удирдлагуудтай уулзаж, хөтөлбөрөө тохирон, сэтгүүлчид тус ангид зураг авч, сурвалжлага хийх нарийн дэгтэй танилцсаны дараа үйл ажиллагааныхаа гол цөм болох хорих камер луу нэвтрэв.   Өргөст торны цаадах намхан байшингийн  “Ялтны байр” гэх хаяг бэлтгэл ажлаа базаасаар хорих байгууламжийн талаар төсөөлж ч амжаагүй явсан надад хэрдхийх сэтгэгдэл төрүүлснийг нуух юун. Урьд өмнө кинон дээрээс л хорих камерыг харж байснаас бодитоор үзээгүй хүний хувьд тийм уур амьсгал, орчин нөхцлийг мэдэрнэ гэдэг их сонин юм билээ.

САЙХАН ЭХЛЭЛ БОЛ САЙХАН ҮРГЭЛЖЛЭЛИЙН ЭХЛЭЛ

Монголчуудын оюун ухааны өв, үе үеийн мэргэдийн ухааны нь цараа, утга уянгын дууллыг өөртөө шингээсэн өлгий нь болох Үндэсний номын сангийн 90 жилийн их ой тохиож байна.
Их ойгоо их гэх тодотголтойгоор хийж чадахгүй ч их ажлын эхлэлийг тавьж, салхийг нь хагалсандаа номын сангийн хамт олон бид сэтгэл өөдрөг, магнай тэнэгэр байна.
Дэлхийн банкны эдийн засгийн төслөөс болон БСШУЯ-наас дэмжсэн “Ардын элч” явуулын номын сангийн үйл ажиллагаа Монголын цагаар 2011.02.26-ны өдрийн 12 цагт Үндэсний Номын Санд нээгдлээ. Ингэхдээ хана туурганы цаана, хамаг түмнээсээ далд бус, харин ч иргэдийнхээ нүдэн дээр, их эрдэмтэн Б.Ринчен гүүшийнхээ өсгий дор нээгдлээ. Нээлтийн үйл ажиллагаа нүдэнд үл өртөм даруухан болсон ч “Өнөөдрийн жижиг эхлэлээс хожмын том үр дагавар гардаг” гэдэг.
Явуулын номын сангийн нээлтийн ажиллагаа