Явуулын номын сангийн хамт олон бид МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй хамтран эх үрсийн баярыг тохиолдуулан сургууль завсардсан хүүхдүүдийг баярлуулсан юм. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн албан бус боловсролын “Гэгээрэл” төв дээр ажиллаж, нүүдлийн номын сангийн бас нэгэн зорилтот хэрэглэгч болох сургууль завсардсан хүүхдүүдтэй хамтдаа нэгэн өдрийг дуу хуур, баяр хөөрөн дунд өнгөрүүлсэн билээ.
Баянзүрх дүүргийн албан бус боловсролын төвд 280 хүүхэд суралцдаг бөгөөд
нийслэлийн хэмжээнд хамгийн олон сургууль завсардсан хүүхэдтэй дүүрэг аж. Тус дүүргийн албан бус боловсролын төв өөрийн гэсэн байр савгүйгээс газар газар сургалтаа зохион байгуулдаг гэнэ. Энд 5-25 хүртэлх насныхан суралцдагаас 20-с дээш насныхан бичиг үсэг үл мэдэгчдийн сургалтад хамрагддаг байна. Бидний үйл ажиллагаа 97-р сургуулийн спорт зааланд эхэлж, Гэгээрэл төвд суралцдаг бага насны хүүхдүүд оролцов. Үндэсний телевизээр гарна хэмээн хөөрч догдолсон багачууд өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо сонирхуулж, хүүхдийн цовоо цолгин хоолойгоор дуулж, жүжиглэсэн нь үйл ажиллагааны маань шигтгээ болж байв.
Баянзүрх дүүрэг газар нутаг томтой, гэр хороолол ихтэй, шилжиж ирэгсдийн тоогоор тэргүүлдэг зэрэг шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд ихтэй байдаг аж. Гэгээрэл төвийн захирал Д.Дугармаа багшийн ярьснаар хөдөөнөөс шилжиж ирсэн иргэд айлын хашаа, энд тэндхийн эзэнгүй газар суурьших нь элбэг. Энэ нь өөрийн гэсэн харьяалалгүй иргэд, гэр бүлийн тоог нэмэгдүүлж, хүүхэд сургууль завсардах нэг нөхцөл болдог гэнэ. Тиймээс Баянзүрх дүүргийн “Гэгээрэл хөгжил” төв өөрийн дүүргийн газар нутагт амьдарч байгаа иргэдийн хүүхдийг бичиг баримт, харьяалал харгалзахгүй авч сургадаг буянтай ажил хийж буй нь энэ. Тус төвд суралцагсдын ихэнх хувийг орон гэргүй, өнчин өрөөсөн, нийгмийн эмзэг гэгддэг бүлгийн хүүхдүүд эзэлдэг байна. Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагаас тусламжийн гараа сунган зарим хүүхдийг орон байраар ханган амьдарч, сурах нөхцлийг бүрдүүлдэг аж.
Сурах бичгийн хувьд дүйцүүлсэн хөтөлбөрөөр явдаг боловч энэ нь хэт ерөнхий, ЕБС-ийн сурах бичигтэй харьцуулахад хангалттай мэдлэг олгож чаддаггүй ажээ. Олны дотор сурах арга барилаа хурдан олж, ЕБС-д дэвшин суралцах нөхцлийг хангасан сурагчид цөөнгүй байдаг бөгөөд эд нарт ЕБС-д хэрэглэж байгаа сурах бичиг шаардлагатай байдаг гэнэ. Тиймээс “Мөнхийн үсэг” группээс хандивласан цоо шинэхэн сурах бичгүүд тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бэлэг болж чадсан.
Хүүхдийн гэнэн цайлган харц, өхөөрдөм инээдээр цэнэглүүлсэн явуулын номын сан маань дараагийн өртөө болох Сонгинохайрхан дүүрэг дээр ирэхэд өмнөхөөс арай том хүүхдүүд угтав. Энэ удаагийн үйл ажиллагаа урлагийн зааланд явагдав. Түрүүчийнхтэй нэгэн адил хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлэн, бидний хамтрагч МҮОНТ-ийн “Мазаахай” нэвтрүүлгийн авьяаслаг багачууд ая дуу, шүлгээ найргаа өргөж, хүүхдийн дуу хуур цалгисан үйл ажиллагаа маань өндөрлөв. Сонгинохайрхан дүүргийн Гэгээрэл төвийн захирал Б.Батсүрэн манай тоглолтын гол дүрийн хүү өнөөдөр алга байна. Уг нь сэргэлэн авхаалжтай гэж жигтэйхэн. Ээжтэйгээ хог түүж амь зогоодог болохоор өнөөдөр боломж нь болсонгүй шиг байнаа хэмээн дурамжхан өгүүлсэн юм. Бид сурах бичгүүдээс гадна АНУ-ийн Элчин сайдын яам, Азийн сангаас хандивласан хүүхдэд зориулсан зурагт номнуудыг бэлэглэчихээд дараагийн ажилдаа оров.
Зарим дүүргийн Гэгээрэл төвүүд өөрийн гэсэн байр сууцтай тохилог гэгч нь сургалтаа явуулдаг сурагтай. Тэдний нэгэн адил дээрх төвүүд дараа эргээд очиход өөрийн гэсэн байртай, ажил үйлс нь улам гялалзаж байхын ерөөл дэвшүүлье.
No comments:
Post a Comment