Tuesday, April 5, 2011

САЙХАН ЭХЛЭЛ БОЛ САЙХАН ҮРГЭЛЖЛЭЛИЙН ЭХЛЭЛ

Монголчуудын оюун ухааны өв, үе үеийн мэргэдийн ухааны нь цараа, утга уянгын дууллыг өөртөө шингээсэн өлгий нь болох Үндэсний номын сангийн 90 жилийн их ой тохиож байна.
Их ойгоо их гэх тодотголтойгоор хийж чадахгүй ч их ажлын эхлэлийг тавьж, салхийг нь хагалсандаа номын сангийн хамт олон бид сэтгэл өөдрөг, магнай тэнэгэр байна.
Дэлхийн банкны эдийн засгийн төслөөс болон БСШУЯ-наас дэмжсэн “Ардын элч” явуулын номын сангийн үйл ажиллагаа Монголын цагаар 2011.02.26-ны өдрийн 12 цагт Үндэсний Номын Санд нээгдлээ. Ингэхдээ хана туурганы цаана, хамаг түмнээсээ далд бус, харин ч иргэдийнхээ нүдэн дээр, их эрдэмтэн Б.Ринчен гүүшийнхээ өсгий дор нээгдлээ. Нээлтийн үйл ажиллагаа нүдэнд үл өртөм даруухан болсон ч “Өнөөдрийн жижиг эхлэлээс хожмын том үр дагавар гардаг” гэдэг.
Явуулын номын сангийн нээлтийн ажиллагаа
Энэ үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, МҮНС-ийн захирал Х.Чилаажав нар үг хэлж явуулын номын сангийн үйл ажиллагааг нээж тууз хайчилсан. Их өргөөний үүдэнд таслагдсан энэ тууз монголын мянга мянган иргэдийн оюуны цангааг тайлах цэнгэг булгийн эхлэл, тэр тууз онож хэлэхийн гайхамшигт мэргэдийнхээ сүнсийг одот тэнгэрээс бууж ирэхийг даллан дуудсан хэнгэрэг ч юм бил үү.
“Ардын элч” гуншинтай явуулын номын сангийн оньсон тэрэг, нээж хэлсэн үг нь замхарч, мялаалгын цагаан сүү нь царцаж амжаагүй байхад анхны аялалаа алслагдсан дүүрэг болох Налайх руу залав.
Налайх, 30 мянга орчим хүн амтай мөртлөө ажилгүйдэл, ядуурал ихтэй.
Налайх, 21900 номтой, нийтэд үйлчилдэг ганц номын сантай атал тэдгээр ном хэвлэлийн ихэнх нь агуулгын хувьд хуучирч, хоцрогдсон.
Налайхын номын сан, 2008 оноос хойш номын баяжилт хийгдээгүй, номын сангийн үйл ажиллагаанд зориулсан төсөвгүйн улмаас уншигч, ном олголтын тоо хангалтгүй, үүнийгээ дагаад мэдээлэл соёлын үйлчилгээ ихээхэн доголдож, номын санд иргэдийн оюуны хэрэгцээг хангахуйц ном хэвлэлгүй. Иргэд ном хэвлэл уншиж, хэрэгцээт мэдээллээ авч чадахгүй байгаа тул явуулын номын санг бүх талаар дэмжиж, дүүргийнхээ ард иргэдэд явуулын номын сангийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй хүргэх талаар идэвхтэй хамтран ажиллана гэдгээ дүүргийн удирдлагууд илэрхийлсэн.
Маркетинг менежмент, сурган хүмүүжүүлэх ухаан, уран зохиол, мал аж ахуйн сэдэвт номыг сонирхон хайгсад олон байгаа талаар номын санч н.Эрдэнэчимэг ярина билээ.
Дээрх учир шалтгаануудын үүднээс бид Явуулын номын сангийн эхний үйлчилгээг 2011.02.26-ны өдөр Налайх дүүргийн хүн ам, тус дүүрэгт орших цэргийн 014-р ангид хүргэсэн нь энэ.
Налайх дүүргийн Соёлын төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
“Ардын элч”-ийг Налайх дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн н.Баттулга, Соёл Урлагийн Ордны дарга н.Баасанхүү нар сайхан хүлээж авсан шүү.
Үндэсний номын сангийн дэд захирал Д.Бямбасүрэн “Ардын элч” явуулын номын сангийн ач холбогдол, зорилгыг танилцуулж холбогдох хүмүүстэй санал сэтгэгдлээ солилцон, цаашид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.
Иргэд “Ардын элч”-ийг ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, сүүлийн үеийн уран зохиолын болон орчуулгын бүтээлүүд, эрүүл мэнд, амьдрах ухаан, мал аж ахуйн чиглэлийн ном хэвлэлийг түлхүү сонирхон уншиж байсныг дурьдууштай.
Налайх дүүргийн иргэд
Зэвсэгт хүчний  014 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд 58 ном хэвлэл хүргэсэн. Эх орон, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө энэ биеэ зориулахад хэзээд бэлхэн тангараг өргөсөн эр цэргүүдийн маань нар нь гарах шиг болно билээ. Дараа дахин очихдоо илүү сонирхолтой, олон ном ганзгална гээд манай багийнхан ам алдчихсан. Бид гэхдээ хий хоосон амлаагүй, анхны ажил, анхны үйлчлүүлэгчид гэхээр айдастай явсан, чин үнэнийг хэлчихье. Гэсэн ч хүмүүсийн хандлага, сэтгэлийн үгс, нүдний харц, үйл хөдлөл энэ бүхэн бидэнд ямар ч эмнээс илүүтэй, ямар ч саад тотгорыг үл ажрах эрч хүч өгсөн болохоор, урмын сэтгэлээ үл дийлээд энэхүү үгс амнаас уначихсан.
Цагтаа цалгиж гэдэг шиг хэдхээн жилийн өмнө дүүрэг нэрэндээ томдмоор хөгжил, хөдөлмөрч иргэдээр
бялхаж, хөл хөдлөгөөнөөр цалгиж байсан энэ газар өнөөдөр уурхай шигээ нам гүмхэн болжээ. Ёстой л нүднээс гарна гэдэг болж.
Налайх дүүргийн цэргийн ангид
Бид уурхайг нь ажиллуулж, нүүрсийг нь олборлоод энэ хотыг хот шиг хот болгож өгнө гэж амлаж чадахгүй. Бид хүрз бариад амьдарч болдоггүй юм бол ном уншаад, мэдлэг боловсрол эзэмшээд хотоо өөд нь татна гэж шазуур зуун өгүүлэх иргэдийн хэрэгцээг чадан ядан хангаж, хүсэлдээ хүрэхэд нь нэг гишгүүр болж өгнө гэдгээ амлъя. Сайхан эхлэл бол сайхан үргэлжлэлийн эхлэл биш гэж үү.
Хүлээ, бид дараа танай нутагт очно...

No comments: