Tuesday, April 5, 2011

Явуулын номын сан эмэгтэйчүүдийн хорих ангид

 Явуулын номын сангийн дараагийн өртөө Эмэгтэйчүүдийн хорих 407-р анги байлаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МҮОНТ, МЗЭ, хэвлэлийн газрууд, уран бүтээлчидтэй хамтарч номын сангийнхаа үйлчилгээг хүргэсэн минь энэ.  Бид энэхүү арга хэмжээг яруу найрагч Б.Баясгалангийн санаачилж, өрнүүлсэн тус хорих ангид ном хандивлах аянтай дашлуулж өдөрлөг хэлбэрээр зохиосон.
03 сарын 07-ны өдөр явуулын номын сангийн төслийн багийнхан зохиолч, сэтгүүлчдийн хамт эмэгтэйчүүдийн хорих ангийг зорьсон. Ирж яваа цаг болохоор хотын зах руу хүлгийн жолоо залах нэн таатай.
Хорих газрын удирдлагуудтай гэрээ хийлээ
Бид үдийн хэрд зорьсон газраа хүрч, хорих газрын удирдлагуудтай уулзаж, хөтөлбөрөө тохирон, сэтгүүлчид тус ангид зураг авч, сурвалжлага хийх нарийн дэгтэй танилцсаны дараа үйл ажиллагааныхаа гол цөм болох хорих камер луу нэвтрэв.   Өргөст торны цаадах намхан байшингийн  “Ялтны байр” гэх хаяг бэлтгэл ажлаа базаасаар хорих байгууламжийн талаар төсөөлж ч амжаагүй явсан надад хэрдхийх сэтгэгдэл төрүүлснийг нуух юун. Урьд өмнө кинон дээрээс л хорих камерыг харж байснаас бодитоор үзээгүй хүний хувьд тийм уур амьсгал, орчин нөхцлийг мэдэрнэ гэдэг их сонин юм билээ.
Камерийн үүдэнд харгалзагч бүсгүй бидний бичиг баримтыг дахин сайтар шалгаад, дотогш оруулав. Хорих ангийнхан бид бүхний үйл ажиллагаанд зориулан тусгайлан тайз засаж, хар ажлын хувцас гэмээр саарал хүрмээр жигдэрсэн эмэгтэйчүүд эгнэн сууж, өдөрлөгийг маань тэсч ядан хүлээж байлаа.

 Тайзнаа СГЗ, яруу найрагч  Ш.Дулмаа, Болор цомын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэг, Ш.Лхамноржмаа, яруу найрагч Б.Баясгалан, Чулуунцэцэг тэргүүтэй уран бүтээлчид, МҮНС-ийн дэд захирал Д.Бямбасүрэн, ахлах арга зүйч Б.Энхжаргал нар байлцаж өдөрлөг эхэлсэн. Бүсгүй найрагчдыг сонгож явсан хийгээд Лхамноржмаа найрагч хөтөлсөн нь нүдээ олсон хэрэг байв. Тэд яруу найрагч, эх хүний торгон мэдрэмжээр уур амьсгалыг зөөллөж, хэн хүний сэтгэлд хүрэхүйц залж чадсанд талархахгүй байхын аргагүй. Өдөрлөгийг нээж ангийн захирагч үг хэлсний дараа аяныг санаачлагч Баясгалан зохиогч, хандивлагчдын халуун алган дээрээс 1500 гаруй ном авчирснаа уламжлаад “Хүний бие хоригдохоос оюун ухаан хоригдохгүй. Та бүхэн эдгээр бүтээлийг уншаад цаг хугацаа, орон зайг үл хамааран оюун санаагаараа аялцгаагаарай” хэмээн, номынхоо дээжийг гардуулсан нь олны талархлыг хүлээж, бүсгүйчүүд алга нижигнүүлэн ташиж, уухайлж байв.  


Түүний дараа МҮНС-ийн дэд захирал Д.Бямбасүрэн  “Ардын элч” явуулын номын сангийнхаа үйлчилгээг танилцуулж, ял эдэлж буй эмэгтэйчүүдийн санал хүсэлтийг харгалзан тогтмол үйлчилж байхаа мэдэгдэхэд нүдэндээ нулимстай бүсгүйчүүдийн алга ташилт, уухайн түрлэг тасрахгүй байлаа. Тэдэнд чин сэтгэлийн уулзалт, дотоодын гадаадын шилдэг бүтээл агаар ус мэт хэрэгтэй байжээ. Тус хорих ангид ял эдэлж буй 400 гаруй эмэгтэйн талаас илүү хувь нь дээд боловсролтойгоос гадаад хэл дээр ном уншдаг нь цөөнгүй ажээ. Яруу найрагчид шүлэг найргаасаа дээжилж, СУИС-ын оюутнууд уран бүтээлээ хүргэж, баяр дээр баяр нэмсэн юм. Дуу хуур, шүлэг найраг, чин сэтгэлийн халуун үгс дор өдөрлөг маань сайхан болж, баярын нулимстай, итгэл дүүрэн харцас биднийг үдсэн билээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагууд явуулын номын сангийн үйлчилгээг тасралтгүй явуулах нь хоригдол эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэх /хүншүүлэх/, зорилгод маань чухал ач холбогдолтой ажил боллоо гээд хоригдож буй хүмүүс ном уншихыг их хүсдэг эмэгтэйчүүдийн хорих төдийгүй бусад хорих ангиудад номын сан бий болгох тал дээр хамтарч ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Та бүхний хүсэлтийг биелүүлэхийн төлөө манай номын сан ажиллана. Багануур дүүргийн хорих анги дээр эргэн уулзъя.
             

2 comments:

bayano said...

ardiin elch mini davhiad bai.

Selengee said...

Saihan ajil boljee. Amjilt!