Tuesday, May 31, 2011

Өглөг өглөгийн дээд номоор бэлэг барив

Явуулын номын сангийн хамт олон бид МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй хамтран эх үрсийн баярыг тохиолдуулан сургууль завсардсан хүүхдүүдийг баярлуулсан юм. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн албан бус боловсролын “Гэгээрэл” төв дээр ажиллаж, нүүдлийн номын сангийн бас нэгэн зорилтот хэрэглэгч болох  сургууль завсардсан хүүхдүүдтэй хамтдаа нэгэн өдрийг дуу хуур, баяр хөөрөн дунд өнгөрүүлсэн билээ.  
Баянзүрх дүүргийн албан бус боловсролын төвд 280 хүүхэд суралцдаг бөгөөд
нийслэлийн хэмжээнд хамгийн олон сургууль завсардсан хүүхэдтэй дүүрэг аж. Тус дүүргийн албан бус боловсролын төв өөрийн гэсэн байр савгүйгээс газар газар сургалтаа зохион байгуулдаг гэнэ. Энд 5-25 хүртэлх насныхан суралцдагаас 20-с дээш насныхан бичиг үсэг үл мэдэгчдийн сургалтад хамрагддаг байна. Бидний үйл ажиллагаа 97-р сургуулийн спорт зааланд эхэлж, Гэгээрэл төвд суралцдаг бага насны хүүхдүүд оролцов. Үндэсний телевизээр гарна хэмээн хөөрч догдолсон багачууд өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо сонирхуулж, хүүхдийн цовоо цолгин хоолойгоор дуулж, жүжиглэсэн нь үйл ажиллагааны маань шигтгээ болж байв.